Юуны өмнө энэхүү нийтлэлийг уншиж буй та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе! Хүний амьдралыг 10, 10 жилээр хувааж авч үзэх юм бол, би гэдэг хүн сүүлийн 10 жилд жижиг, том нийлсэн 10 гаруй тэтгэлэг хүртжээ. Гэхдээ та хэдийнхээ анхаарлыг татах зорилготой тэтгэлгийн мангас гээд биччихлээ шүү, миний ч мангас гэж юу байхав. Мэдээж энэ байтугай олон нэр хүндтэй тэтгэлэг авдаг хүмүүс зөндөө л байдаг. Гэхдээ гол нь туршлагаасаа хуваалцаж, оюутан залуустаа түгээх шүү дээ тийм ээ.
“The English Access Micro-scholarship Program”
Миний амьдралдаа авч байсан хамгийн үнэ цэнэтэй тэтгэлэг бол “The English Access Micro-scholarship Program” юм. Зөвхөн улсын сургуулиудын сурагчид авах боломжтой уг тэтгэлэг нь Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас зохион байгуулагддаг ба түргэвчилсэн хугацаанд Англи хэлийг чанартай эзэмших алтан боломж юм. Дэлгэрэнгүй мэдээллийг https://mn.usembassy.gov/education-culture/english-language-programs/english-access-micro-scholarship-program/ энэхүү линкээр орж аваарай. Улсын сургуулиудын гадаад хэлний хөтөлбөрийн чанар, багш нарын чадвар тэр бүр хангалттай сайн байдаггүй шүү дээ. Тэгвэл энэхүү хөтөлбөр нь тэрхүү зөрүүг гаргаж, англи хэлийг өндөр түвшинд суралцах боломж олгодог байх нь ээ. Боловсрол Зөвлөгөө Мэдээллийн Төв болон Пийс Корын чадварлаг багш нар зааж байсан тул миний хувьд хамгийн том хөрөнгө оруулалт болсон. Тухайн үед анкет болон англи хэлний түвшин тогтоох шалгалт авч шалгаруулж байсан санагдаж байна. Ер нь манай Монгол хүүхдүүд бүгд л их өндөр потенциалтай шүү дээ. Ар гэрийн боломжгүй байдал, санхүүгийн бэрхшээлээс болж хэдэн мянган хүүхдүүд томоохон боломжуудаас хоцордгийг хэмжихийн аргагүй. Миний хувьд энэ чиглэлээр заавал ямар нэгэн төсөл, хөтөлбөр цаашдаа хийнэ гэсэн зорилготой байдаг аа.
“SUSI – Women Student Leadership Program”
Энэхүү тэтгэлэгт би их сургуулийн 1-р курсын оюутан байхдаа 2012 онд шалгарсан ба мөн л нүдийг минь нээж, дэлхий ертөнцтэй мөр зэрэгцэн алхахад нэг алхамаар ойртуулсан хөтөлбөр байсан юм. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь их сургуулийн оюутнуудын хооронд зохион байгуулагддаг ба АНУ-н Төрийн департментийн санхүүжилтээр явагддаг юм. “SUSI” буюу “Study of the United States Institute” хөтөлбөр нь зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн талаар төдийгүй public policy гэх мэт олон сэдвийн хүрээнд олон орны хүүхдүүдтэй зэрэгцэн суралцаж, АНУ-н их сургууль, коллежд байрлаж АНУ-ын түүх, соёл, амьдрах хэв маягаас суралцах боломжийг олгодог. Миний хувьд 2012 онд Индиана мужийн Саут Бэнд хот дахь Saint Mary’s College-д дөрвөн долоо хоног АНУ-н 10 оюутан, Ливи, Тунис, Египет, Мяанмар зэрэг орнуудын тус бүр 5, 5 оюутнуудтай хамт эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайлал зэрэг янз бүрийн сонирхолтой сэдвүүдийг судалсан юм. Харин үлдсэн нэг долоо хоногтоо АНУ-н зүүн эргээр буюу Boston, New York, Washington DC гэх мэт хотуудаар аялж төгсөлтийн арга хэмжээндээ оролцоцгоосон юм. (Энэхүү хөтөлбөрийнхөө талаар тусдаа нийтлэл бичье гэж шийдлээ.)
“Golomt – Best 100 students”
Оюутан байх үедээ жил бүр төлбөрийн тэтгэлэг авдаг байснаас гадна 2013, 2014 онд авсан бас нэгэн тэтгэлэг бол Голомт банкнаас жил бүр зохион байгуулдаг “Шилдэг 100 оюутан” тэтгэлэг юм. Анкет, шалгалт болон кейс дээр ажиллах шалгаруулалт явагдаж байсан санагдаж байна. Сар бүр мөнгөн тэтгэлэг олгохоос гадна Голомт банкинд судлаач оюутнаар ажиллах боломж олгодог нь хамгийн их үр өгөөжтэй. Миний хувьд танилцах дадлагаа Голомт банкинд хийж байсан тулд арай өөр төрлийн санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг судлахаар давхар даатгалын брокер компанид үйлдвэрлэлийн дадлага ажлаа хийж байсан юм. Гэхдээ энэхүү тэтгэлэгт хамрагдахаар зэхэж буй оюутнуудад хандаж хэлэхэд судлаач оюутнаар ажиллаад эртхэн томоохон банкны корпорацийн засаглал, дотоод соёлтой танилцах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Мэдээж дадлагын үеэрээ хичээж сайн ажиллавал цаашид үргэлжлүүлэн ажиллах бүрэн боломжтой билээ.
“Tuition Reduction Scholarship”
Миний бие 2018 оноос хойш Япон улсад магистрын зэргээ хамгаалахаар сурч байгаа билээ. Ойта мужид байрлах Рицүмейкан Ази Номхон Далайн их сургуулийг мэддэг, төгссөн хүмүүс цөөнгүй байх. Миний хувьд магистрын зэрэгт сурах сургуулиа сонгох гол нэг шалгуур нь 100% тэтгэлэгтэй суралцах байсан учраас энэхүү сургууль руу анх материалаа илгээснээсээ хойш тийм хариуг хүлээж, бас авч чадсан билээ. Магистрын хөтөлбөр нь олон улсын AACSB магадлан итгэмжлэлтэй тул дэлхийн хаана ч, тэр тусмаа Ази Номхон Далайн бүсэд ажиллах бүрэн боломжтой. Суралцах явцдаа янз бүрийн нийгмийн ажлуудад болон академик уралдаан тэмцээнд идэвхитэй оролцож, нэмэлт янз бүрийн тэтгэлэг хүртэх боломжтой. Миний хувьд судалгааны ажлын тэтгэмж өнгөрсөн хавар бас хүртсэн байгаа.
“MEXT Research Student Scholarship”
Сургуульдаа материалаа илгээсний дараа Япон улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамнаас судлаач оюутнуудад олгодог тэтгэлэгт оролцох хүсэлтэй байгаа эсэх талаар санал болгосон. Үүний тулд заавал судалгааны нарийн зорилго, чиглэлтэй байх ёстой бөгөөд судалгааны танилцуулгаа явуулсаныхаа дараа ярилцлагад орох шалгууртай байсан. Миний хувьд сургуулиас санал болгосон учраас арай дөхөм байсан байж болох юм. Мэдээж Япон улсад амьдрах нь чамгүй өртөгтэй тул хэрвээ та өөрийгөө судалгаа хийх сонирхолтой, чадвартай гэж үзвэл энэ тэтгэлэгт хамрагдаж үзэх хэрэгтэй.
“GLS Travel Scholarship”
Энэ 7-р сард авсан нэгэн тэтгэлэг бол 2019 оны 11-р сард Чикаго хотод зохион байгуулагдах гэж буй “Global Leadership Summit” хөтөлбөрт явах аяллын тэтгэлэг юм. Сурлагын голч дүн, академик тэмцээн уралдаанд орсон эсэхээс шалтгаалж Бета Гамма Сигма хэмээх олон улсын бизнесийн сургуулиудын нийгэмлэгийн гишүүн болох боломжтой болсон юм. Энэхүү нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь манлайлал, хувь хүний хөгжил рүү чиглэсэн олон олон үйл ажиллагаанууд зохион байгуулахаас гадна томоохон компаниуд ирж танилцуулга хийдэг ажээ. Мэдээж энэхүү арга хэмжээнд орсон туршлагаа та бүхэнтэйгээ хуваалцах болно.
Тэтгэлэг авахын тулд дараах алхамуудыг зайлшгүй хийх хэрэгтэй билээ.
- Зорилгоо тодорхойлох, нарийн төлөвлөх
- Маш сайн судлах, бэлдэх
- Хамрагдах
- Үгүй гэсэн хариунд бүү гутар
- Ахин бэлд, ахин хамрагд
Зорилгоо тодорхойлох, нарийн төлөвлөх
Хамгийн чухал хэсэг бол мэдээж зорилгоо тодорхойлох. Өөрийгөө яг юу хүсээд, яах гээд байгаагаа мэдэхгүй байж заримдаа бид хий дэмий л шаналаад бачуураад байдаг. Би ч бас нэг хэсэг яг тийм нөхцөлд байдалд орж байсан. Яг тайван суугаад хүсэж, зорьж байгаа зүйлсээ томхон шиг цагаан цаасан дээр жагсаагаад бичээд үзээрэй. Нэг бүрийнх нь ард биелүүлэхэд шаардлагатай зүйлсээ бичээд үзэх хэрэгтэй. Ийнхүү зураглал гаргасныхаа дараа цаг хугацаагаа нарийн төлөвлөх хэрэгтэй. Аливаа зорилт нь цаг хугацаа заагаагүй, SMART биш байгаа тохиолдолд бид цалгардуулж мартах нь олонтаа. Хийх алхам бүрээ тодорхойлчихоод дараагийн үе рүү гээ орох хэрэгтэй.
Маш сайн судлах, бэлдэх
Зорилгоо тодорхойлсон хүн чинь одоо бол маш сайн судална ш дээ. Интернетдээ талархъя. Youth opportunities гэх мэт портал сайтуудаас гадна сонирхож буй байгууллагынхаа мэдээллийг имэйл рүүгээ авдаг болчих хэрэгтэй. Ингэснээр янз бүрийн боломжуудын талаарх мэдээллийг түргэн авах боломжтой. Мэдээж тэтгэлэг бүр өөрийн гэсэн онцлогтой учраас үнэхээр чи шалгуурт нь нийцэж байгаа эсэх, нийцээгүй тохиолдолд юу юуг хийвэл би авч болох вэ гэдгээ бодож, өөрийгөө эртнээс бэлдэх хэрэгтэй. Зарим хүмүүс бүр хэдэн жилийн өмнөөс урьдчилан төлөвлөж, түүнийхээ дагуу бэлдсэн байдаг шүү дээ. Сайн дурын ажилд оролцох, нийгмийн идэвхитэй байх эсвэл хэлний оноонуудаа сайжруулах гэх мэтээр сул талаа тодорхойлж, түүн дээрээ тулж ажиллах хэрэгтэй.
Хамрагдах, ахин хамрагдах
Миний бодлоор өөрийгөө хангалттай гэж үзсэн үедээ шууд хамрагдах нь л зөв. Эргэлзэх огт хэрэггүй. Дараа жил гэж хойш нь тавьснаас өгөөд л үзэх хэрэгтэй. Хэрвээ “уучлаарай” гэсэн захидал авбал намайг сонгосонгүй гэж гутрах хэрэггүй. Зөндөө л хүмүүс тийм хариу авч байгаа. Жаахан дутуу бэлдээд өгсөн бол чамд энэ хариу өөрийгөө хурц бөгөөд үнэнээр шүүмжлэх боломж олгоно. Харин чи өөрийгөө үнэхээр 100% бэлтгэлтэй байсан гэж үзэж байвал өөрийгөө дутуу үнэлээд хэрэггүй. Энэ бол чиний материалыг шалгаруулсан багийн үзэл бодол болохоос чи тэглээ гээд тэнэг, мангар, өрсөлдөх чадваргүй нэгэн гэсэн үг биш. Мишель Обамад ахлах сургуулийнх нь нэгэн ажилтан “Чи Принстоны материал шиг харагдахгүй байна” гэж хэлсэн байгаа юм. Төрөлхийн дайчин тэрээр юу гэж л тэр хүний үгэнд ороод зорилгоосоо няцахав. Харин ч бүр Принстонд тэнцэхээр үл барам магистрын зэргээ Харвардын их сургуульд хамгаалсан билээ.
Эцэст нь хэлэхэд хэн нэгний чамайг унтраасан үгэнд хэзээ ч бүү итгэ. Аав ээж, ах эгч, хамаатан садан, найз нөхөд хэн байх нь хамаагүй. Өөрөө өөрийнхөө эзэн бай. Өөрөө шийдвэр гаргаад тэрэндээ бүдэр. Ахин бэлд, Ахин хамрагд. Тасралтгүй хичээж буй хүнийг боломж үргэлж дагадаг гэдэгт би итгэдэг. Та бүхэндээ өндрөөс өндөр амжилт хүсье. Дээрх тэтгэлгүүдтэй холбоотой асуултад хариулахад бэлэн шүү. Сонирхон уншсан бол цааш нь түгээхээ мартуузай.